Савны xaвдартай байхад минь ч араар минь тавьж байсан хүн бурхнаас үр хайрлахад хүсээгүй хүүхэд гэж хэлэх юм

Бүгдээрээ сайн байцгаана уу? Яг одоо цаг 04:59 минут болж байна. Миний хажууд хөөрхөн охин минь бас нөхөр гэх хүн унтаж байгаа ч би маш их ганцаардлыг мэдэрч байна. Яагаад гэдэг асуулт л бүх л шөнөжингөө толгойд минь бодогдож эргэлдэж байна.
Учир нь нөхөр маань надад гар хүрлээ. Уг нь би эцэг эхийнхээ нандин охин тэднийхээ ямар их хайран дунд өлгийдүүлж өслөө дөө.
Гэтэл энэ л хүн, энэ насныхаа ханийг гэж бодож явсан хүн минь, зүрх сэтгэлээсээ хайрласан хүн минь миний голыг гонсойлгож тэвчээрийн хязгаарыг минь дэндүү ихээр давчихлаа. Би нөхрөөсөө дөрвөн насаар эгч.
Анх танилцахдаа өөрөөсөө дүү гэдгийг нь мэдээгүй ээ. Сүүлд бүх зүйл болоод сэтгэл алдарсан хойноо л дөрвөн насаар дүү гэдгийг нь мэдэж байсан.
Анх ямар их догдлол, ямар их аз жаргалтай байлаа. Би энэ хүнд анхны гэсэн болгоноо зориулсан. Үүнийг минь зөвхөн энэ хүн л мэднэ. Бусад хүмүүсийн нүдээр, яриагаар бол би өөрөөсөө дүү жаахан хүүхдийн толгой эргүүлсэн л хүүхэн байсан.
Эдгээр үгс, бусдын юу гэж ярих муулах надад огт хамаагүй гэж олон хүний амны бай болж байгаагаа ч үл тоон түшиж тулах хүн минь гэж би итгээд энэ хүнийг амьдралынхаа ханиар сонгож байлаа.
Бидний хувьд бүх зүйл хурдан болоод өнгөрсөн ч настай аав ээжийнхээ захиасаар насаараа ханилах хүнээ сайн таних хэрэгтэй гэсэн үүднээс дөрвөн жил үерхэж багагүй цаг хугацаанд таньж мэдэж байж нэг гэрт орж байлаа.
Ээж аавынхаа гэрээс гараад бүх зүйлээ энэ хүнд итгэж даатгаад дуртай ажлаасаа хүртэл гараад хотоос 500-аад км хол хөдөө суманд ирж амьдарсан. Одоо нөхрийгөө дагаж ирж энд амьдраад дөрвөн жил болжээ.
Хүнийг бүрэн таньж мэдэх гэдэг маш хэцүү юм байна гэдгийг өөрийнхөө амьдрал дээрээс дэндүү их ойлгож байна. Хамт амьдарсан энэ хугацаанд би ганцаардал цөхрөл гэдэг зүйлийг маш их мэдэрсэн.
Гэр бүл болж үр хүүхдийг нь төрүүлтлээ гэрэлтэж байсан тэр их хайр минь хаашаа алга болчихсон юм бол, сэтгэл зүрх минь одоо бол хов хоосон. Аpааp тавилт, гэр бүлийн гадуурх харилцаа гэдэг зүйл миний амьдралд нэг биш удаа л байсан.
Гэхдээ тэр бүрт нь л уучилсан бас тэвчиж өдийг хүрсэн. Араар тавьсан, нөхөртэй минь явалдаж энгэр зөрүүлж явсан хүүхэнтэй нь энэ тэнд нүүр тулж тааралдах ямар хэцүү байдаг гээч. Бараг миний нүд түрүүлж дальдачдаг.
Би энэ хүний олон муухай зүйлсийг олон ч удаа тэвчиж ирсэн. Охиноо бодож нэг тэвчсэн, 80 нас дөхөж яваа эцэг эхийнхээ сэтгэлийг зовоочихгүй юмсан гэж дахиж нэг тэвчсэн. Одоо бодоод байхад өөрийгөө биш бусдыг бодож л тэвчдэг байсан юм байна лээ.
Савны xaвдpын эхний шат гээд эмчлүүлээд явж байхад минь ч хүртэл араар минь тавьж байсан. Үүнийг нь хэзээ сүүлд өөр хүний амнаас сонсож мэдсэн. Одоо л энэ хүнээс салъя гээд шийдтэл бурхан надад хүүхэд явуулжээ.
Саллаа гэж хэлэхэд нөхөр маань охиноо, удахгүй төрөх гэдсэн дэхь хүүхдээ бодъё гэсэн. Энэ үг нь цаанаасаа л надад худлаа санагдсан. Угаасаа итгэх итгэл, хайрлах хайр юу ч миний сэтгэлд алга. Гэхдээ савны xaвдap эдгэрч жирэмсэн болсон гэж бодохоор үнэхээр их баярламаар байгаа.
Бүх зүйл хэвийн эрүүл болж, одоо би зургаан сартай жирэмсэн. Хөөрхий үр минь ээжийнхээ цөхрөл гомдлыг мэдэрч аль болох хүн болох гээд хичээж байхад эцэг нь гэх хүн хүсээгүй хүүхэд нь гэж хэлж байх юм.
Хэдхэн хоногийн өмнө саллаа гэхэд маань удахгүй төрөх хүүхдээ бодъё гэж хэлж байсан бол өнөөдөр ийм ч юм хэлээд өөрийгөө дорой эр гэдгээ улам бүр л надад мэдрүүлж байна даа.
Тэгэхээр би ингэж шаналж, ингэж цөхөрч, ингэж залуу насаа миний хайрыг хүртэх ёсгүй энэ хүний хажууд өнгөрөөж байхаар охиноо аваад хөгшин настай аав ээждээ төрхөмдөө буцах минь зөв биз дээ.
Намайг зоригжуулаад өгөөч. Би үр хүүхдүүддээ элэг бүтэн амьдрал, аавын хайрыг бэлэглэж чадахгүй бололтой, тэвчээр минь энд ирээд бүр мөсөн дуусч байна. Үүнээс цааш тэвчихгүй нь. Энэ шийдвэрийг минь дэмжээд зоригжуулаад өгөөч…