Нийгэм

УИХ-ын гишүүн П.Анужин: Миний хувьд бие махбодио нэг их зовоох, дарамтлах дургүй. Нэг их ухаарч турж эцээд хоолоо сойгоод л тэгснээ зад тавьж идээд л

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр үзэгч бидэнд танил болсон ялдам сайхан хоолоотой УИХ-ын гишүүн П.Анужин нь Монгол даруу эмэгтэйн шинж аалийг бүрдүүлдэг тэрээр амьдралын зөв хэвшилтэй нэгэн. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас хүргэе.

Зөв хооллолт, цагаан хоол, мацаг барилтыг илүүд үзэж байдаг тэрээр даяарчлалын үр дүнд улс орнуудын уламжлалт хоол хүнс ихээхэн алдагдаж тухайн нутаг орон, цаг агаар, хүнд нь таарахгүй хоол хүнс дэлгэрч энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг дэлхийн улс орнууд нэлээд эрт судлаад мэдчихсэн. Ухаарах хандлага 40, 50 жилийн өмнөөс эхтэй.

Бид төдий зэргийн хоцрогдолтой явж байна гэсэн үг. Дэлхийн улс орнууд хоол хүнс хүний эрүүл мэнд болоод сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай судлаад тээр урд явж байхад бид зөв буруу худлаа үнэн гээд маргаад сууж байгаа нь харамсалтай санагддаг. Хоолныхоо учрыг олоогүй хүмүүс сэтгэлийн амар амгалангийн тухай ярихад ч бас хол байна.

21-р зуун оюун мандлын эрин гэж бид ярьдаг. Оюун санааны эрин гарчихаад байхад бид өнөө л цуйван, бууз, хуушуураа тойрч маргаад унжсан гэдэснийхээ асуудлыг өөрөө шийдчихэж чадахгүй л эргэлдээд байдаг. Нөгөө талаасаа хоол хүнсний боловсролгүй, мэдэхгүй байгаа хүмүүсийг чи хоцрогдсон гээд ойлгомжгүй юм яриад хаяад явж болохгүй болохоор л халшрахгүй зааж ярьж явна.

Турж, эцнэ гэдэг үг чинь өөрөө өвчин зовлон, ядуу зүдүү байдалтай холбоотой үг. Зарим хүн сайхан амьдарч байж турж эцэхийн хойноос үхэлдэж яваагаа, хэрэглээд байгаа энэ үгээ бодох ёстой. Би турж, эцэхийн тухай хэнд ч хичээл зааж үзээгүй. Би өөрөө турж, эцэхийн төлөө үхэлдэж явж үзээгүй. Ер нь нүгэл биз дээ. Хүнийг турааж, эцээнэ гэдэг чинь. Харин хүн зохистой хоол хүнс хэрэглээд ирэхээрээ хэвийн байдалдаа буцаж ордог. Агшдаг.

Миний хувьд бие махбодио нэг их зовоох, дарамтлах дургүй. Нэг их ухаарч турж эцээд хоолоо сойгоод л тэгснээ зад тавьж идээд л. Энэ их холбиромтгой, тууштай биш байдал бол таны оюун ухаантай л холбоотой. Хийж байгаа зүйлийнхээ тухай ерөөсөө гүн ойлгохгүй байна гэсэн үг.

Жимс ногоо голдуу иддэг, үр тариа их хэрэглэдэг хүмүүс ерөнхийдөө дөлгөөн тайван байдаг. Монгол хүний гол хоол хүнс мах гээд л ярьдаг. Уур омогтой, догшин, бие биеэ хүндэтгэдэггүй, хүний үг сонсдоггүй байдал маань бидний идэш ууштай шууд холбоотой. Уламжлалаа аваад үзэхэд Монгол хүн жилийн дөрвөн улирал мах иддэггүй байсан шүү дээ. Хүйтний улиралд л хэрэглэдэг. Бидний одоогийн хэрэглээ хэтийдээд байна гэсэн үг. Макробиотикийг бас тэнцвэрт байдлын тухай ухаан гэж ойлгож болно. Ерөөсөө аливаа зүйлийг идэж болно, дурлаж болно. Хэмжээ хязгаартай, тэнцвэртэй л байх ёстой.

Би нэг хэсэг веган хоолтон байсан. Веган гэдэг нь амьтнаас гарч байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй хүнийг хэлдэг. Зөгийн бал, сүү гээд бүгдийг нь хэрэглэдэггүй байлаа. Харин телевизийн ажил хийх болсноос хойш хөдөө орон нутагт их явна. Дүн өвлийн хүйтэн цас мөсөн дунд хүнтэй олон цагаар ярилцана. Тэгэхээр нөгөө хэлээд байдаг нутаг ус, цаг агаартаа зохицсон хоол хүнс хэрэглэх хэрэгтэй болно. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж үг байдаг даа, энэ үг хоол хүнстэй асар холбоотой үг юм шүү.

Мөн хүний зочломтгой сэтгэл гэж айхтар зүйл бий. Хөдөөнийхөн маань юу байгаа түүгээрээ дайлна. Мах чанаад өгнө. Тэгэхээр нь би мах иддэггүй. Мах бол, би бол гээд л хүний нүд бүлтийлгээд, хүний анхаарал татах нь зохимжгүй санагддаг. Тэгээд хүндэтгэлтэй, хэтрүүлэлгүй идээд л явдаг. Гэхдээ миний гол хүнс бол мах огтхон ч биш хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!