Ундрах гэдэг тэр эмчид гомдоод байна, гол зураад байна. Голоос гогодоод гомдол минь хэзээ ч татрахгүй байж мэдэх байх аа

Энэ постоос ковидын нөхцөл байдал, эмнэлгүүдийн ачаалал, хүн ёсны харилцаа, хүн чанарын хүйтэн хана бүгд харагдана. Өөрөө хүнд хатгаатай, хүүхдүүд нь бас хатгаатай нэгэн ээжийн үнэн бодит байдал…..
Иргэн Дууяа Дуламсүрэн:
Харанхуй шөнөөр хатгаатай хүүхдүүдээ тэврээд хөөгдлөө дөө. Хэзээ нэг өдөр ийм пост оруулна гэж бодож явсангүй, бичвэл асгарчих гээд жаахан тайвширч байгаад сийрүүлэв. Харанхуй шөнө улаан бүсээс хатгаатай коронатай хүүхдүүдээ тэврээд ганцхан хоноод гарч явна, сэтгэлд гомдлын нулимс, зүрхэнд харууслын дуун үерлээд халгичих гээд байна. Даварсан корона ч оодорч, дагаад хэсэг бусаг ч оодорч, гэхдээ цагаан халаатай эмч хүн гэж бодохоор нэг л итгэмээргүй цаанаасаа л нулимс урсаад байх юм. Гэр бүлээрээ корона тусаад хэрхэн шаналж байгаагаа хальт оруулж байсан болохоор бүгд л мэдэх байх. Өчигдөрхөн ихрүүдтэйгээ Эх нялхасын Улаан бүс гэгчид хэвтсэнийг ч мэднэ. Ихрүүдийн нэг Маргад маань бие нь сулбайж халуураад, уйлагнаад байхаар нь дүүргийн эмнэлэгт цээжний зургийг нь авахуулсан юм.
Хатгаатай гэсэн хариу гарлаа. Нялх үрс нь коронатай тэгээд хатгаатай гэхээр ямар ч эх хүн сэтгэл зовохгүй байж чадахгүй шүү дээ. Өрхийн эмч дээрээ очив, өөр бас хэд хэдэн эмчээс зөвөлгөө авав. Бүгд л шууд яаралтай хэвтсэн нь дээр гэж байна. Учир нь хүүхэд амархан хүндэрдэг, тэр тусмаа ковидын хатгаа шүү дээ. Өрхийн эмч хатгаа болсон, жирэмсэн, өндөр настай суурь өвчтэй хүмүүс шууд хэвтэж байгаа гэнэ. Нөгөө ихрээ ч гэсэн хүндрэхээс нь өмнө хамт хурдан эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөв. Айж сандарсан хүн өрхийн эмчдээ хэлж, рентген зургаа үзүүлж, УОК-оос Эх нялхас руу ор захиалсан мэдээлэл явуулж, орой нь хоёрыгоо тэврээд төмөр хаалга, төмөр түгжээтэй улаан бүсэд нь хэвтлээ. Аав нь нэгийг нь сахиж болох ч гэрт бас коронатай хоёр хүүхэд минь сэтгэлд уяатай үлдсэн.
Гэсэн ч эртхэн эмнэлэг бараадсандаа битүүхэн баяртай тэгээд ЭХЭМҮТ Би Эх нялхасын эмнэлэгт эмч нарт нь дэндүү их хайртай, дэндүү их элэгтэй хүн. Би энд олон хүүхдээ ачтай эмч нараар эмчлүүлж охидоо төрүүлж, миний амьдралтай салшгүй холбоотой хувь ерөөлтэй гэж шүтэж сүсэглэж ирсэн. Өнөөдөр чухам яагаад байгаа учир нь үл олдох эмчээс бусад, азаар ийм эмчтэй таарч байсангүй. Эх нялхасын хүлээн авах цээжний зургаа авахуулж амжаагүй нөгөө ихэр Маралаа болон ээж намайг рентгенд уушигаа харуулах хэрэгтэй гэлээ, харууллаа. Бодож байсан өөрөөр эргэв. Би хүндэвтэр хатгаатай гэнэ. Эмнэлэг бараадсан нь болж шүү, тэгээгүй бол өөрийгөө хатгаа нь хүндэрч байгааг мэдэхгүй хүүхдүүд минь гэж гүйсээр яваад балрах байж.
Дахиад л энэ буянтай газар ирсэндээ олзуурхав ашгүй дээ ээжийг нь хамт эмчилнэ гэсэн сайхан мэдээтэй өмнө нь ч ээж нь коронатай хатгаатай бол хамт эмчлэгдэж байгаа гэж сонсож байсан. Итгэл найдвар төрнө. Хэвтсэн оройноо коронагийн тусгай тасгийн эрэгтэй эмч Мандуул хүүхдүүдэд тариа бичиж, сэтгэл жаахан уужрав. Маргааш ээлж солигдоно. Дараагийн ээлжийн эмч эмчилгээгээ бичнэ гээд аспирин тэргүүтэй эм гэж бичиж өгөв. Өглөө нь өөр ээлжийн эмч бүсгүй ирлээ. Хонгилд хэвтэж байсан биднийг үзээд -Хүүхдүүд чинь ямар ч эмчилгээгүй, эм өгөхгүй, тариа хийхгүй.
Зөвхөн хоол ундаа л иднэ. Царай барайсан ч тоглож байгаа байлгүй дээ, эсвэл буруу сонссон байх гэж итгэж ядна. -Эмч ээ, манай хоёр хүүхэд коронатай Маргад бүр хатгаатай шдээ, Цээжний зураг нь танайд байгаа. Хүндэрчихвий эмчлүүлье гээд хэвтсэн шүү дээ. Ямар ч тэнэг хүн улаан бүсэд аврал хайж горьдлого тээж ирэхээс зугаацах гэж ирэх үү дээ гэж бодогдоно. Ядаж вирусны эм, дархлааны лааг нь хийж болно биздээ -Болохгүй ээ, дархлааны эм, вирусны лааг энд хийхгүй, тийм заалт байхгүй. За за эмч хүнтэй энэ талаар маргаад яахав хийж байгаа эм тариатай нь харшилдаг юм байхдаа гэсэн шүү юм бодогдов. Тэгээд нуруугаа авахуулсан морь шиг хулмалзан, намдуу дуугаар итгэл муутайхан, -Эмч ээ намайг өчигдөр танай рентгений эмч хүүхдүүдээсээ илүү чи хүндэвтэр хатгаатай байна гэсэн.
Эндээс гарах гэсээр байтал бүр хүндэрчих байхдаа. Надад тариа хийж өгөх боломжтой болов уу? -Манайх хүүхдийн эмнэлэг, том хүн эмчилдэггүй, тийм л юм бол хүүхдүүдээ орхиод тэр том хүний эмнэлэгтээ очихгүй яасан юм, чамд тариа хийх боломжгүй ээ! -Үгүй ээ, юу л даа энэ хэдийгээ орхиод хаашаа явах билээ, тэгээд ч хүүхдүүд минь гээд өөрийгөө хатгаатай явааг ч мэдээгүй. Би тэгвэл ядаж гэрээсээ тариа авчихаад гуйгаад хийлгэж болох уу, олон хоновол уушиг маань хэцүүдэх байх гэж санаа зовоод л -Гаднаас юм оруулах боломжгүй. Тийм дээ улаан бүс шүү дээ гэж бодсон ч амнаасаа дахиж үг унагаж чадсангүй ээ. Өдөржин горьдлоготой өнжив, зөрж гарах сувилагч нараас манай хүүхдүүд тариатай юу ээж нь тариа байна уу гэж асуугаад л…
-Ээжид байхгүй, Цаг орой болсон хойно ашгүй хүүхдүүдэд тариа хийлээ. Бурхан минь гэж өчигдөрийн эмчийн бичиж үлдээсэн хоёр тариаг нь арай ч бас улаан цайм хасчихаагүй байнаа. За ээж ч худлаа юм байна, гэхдээ л горьдлоготой хэвээрээ эмч завгүй байгаа байх, удахгүй бичих байх. Хатгаатай ээжүүдэд нь тариа хийсэн гэж хоёр ч ээж хэлсэн. Гэхдээ л хүн чинь арга барагдахаар янз янзын юм бодогдож бусдын л адил арга саам хайдаг юм билээ. Хоёр хүүхдийнхээ араас өдөржин хөөцөлдсөөр сэгсийчихээд царай муутай, дээрэлхэж болмоор харагдсан юм болов уу.
Эх нялхаст ажилладаг таньдаг найз нөхөд энэ тэр хүнээ асууж сураглаад эмчдээ хэлүүлж үзлээ. Тэгсэн яасан гээч, бүр дордсон. Баларсан юм хэрэггүй хэлүүлсэн юм. Надтай нэг л биш харьцаад байгаа эмч хүүхнийг Ундрах гэдгийг ч мэдэж авлаа . Оройхондоо хонгилд суугаа өвчтөнүүдэд тасаг хувиарлаж, ээж хүүхдүүд хоёулахнаа хэвтдэг өрөө тэнд зөндөө, хэд хэд ч суларсан. Бүгд л корона гэсэн гол асуудалтай хүмүүс тэр тасагт нь орж л байгаа харагдана. Биднийг зургаан ээжтэй, зургаан хүүхэд бүхий өрөөнд хувиарлажээ. Зориг гарган, -Эмч ээ энд над шиг хоёр хүүхдийнхээ араас өдөржин хөөцөлдөж буй ихрүүдтэй ээж ганцхан би л байна. Биднийг тэр ээж хүүхэд хамт хэвтдэг өрөөнд оруулж болоогүй юм уу, энэ олон ээжүүд халуун савтай хоол цай, эм тариа бүх л юм аа хаа сайгүй тавьсан байна.
Нэг хүүхэд бол орон дээр нь хашаад сууна гэхсэн, хоёр болохоор нэг л мэдэхэд нэг нь гүйгээд юм юм руу орчих гээд байх юм аа – Чиний хүүхдүүд юм хум руу орно уу, халуун цай хоол татна уу надад ямар хамаатай юм. Чиний хүүхдүүдийн асуудал чиний л асуудал надад хамаагүй шдээ. Бурхан минь ер нь юу болоод байна аа, эмч хүн, эх хүн мөн үү…гомдсондоо нулимс сад тавиад хэлэх хатуу үг ч олдохгүй хүүхэд шиг өмөлзөөд уйлав юу болоод байнаа, эх хүүхдийн эмнэлэг биздээ энэ чинь. Би андуураад ирчихсэн юм уу тусламж хүсэж аврал эрээд, дотроо залбирч шүтээд ирсэн биш бил үү. Би яаж ийм нүд үзүүрлэгдэн үзүүрлэгдэн өөрт нь үзүүлж, хүүхдүүддээ хэдэн тариа хийлгэх вэ, өөрөө ч бас ямар ч эмчилгээгүй сэтгэлийн дарамттай нөгөө сэтгэл санаагаар дархлаа сулардаг корона нь ийм байдалд эдгэх үү.
-Яаж ингэж эмчүүлэх үү, нус нулимстайгаа хутгалдчихаад, -Болихгүй юу, өргөдлөө өгөөд гараарай чи…! Хатгаатай коронатай хүүхдүүдтэйгээ улаан бүсээс нь ямар ч шалтгаангүй шууд хөөгдчихлөө, хөөрхий ийм амархан. Нөгөө хүүхдийн эрх мэрх хаачсан юм бэ, цагаан халаадтай л бол бурхан биш байж…би андуурсан байна. За, ямар ү хэх гэж байгаа биш дээ нулимсаа арчаад өргөдлийг нь тайлбар бичигтэй үлдээгээд хүүхдүүдээ тэврээд гарлаа. Гадаа ч харанхуй, сэтгэл ч харанхуй гадаа ч хүйтэн, дотор ч хүйтэн.
Ийм хүйтэн, ийм нинжин сэтгэлгүй, ийм харгис эмч байдаг гэхэд итгэмгүй. Итгэхийг ч хүсэхгүй байна. Гэхдээ л байна, надад тэр нь таарчихлаа. Би болоод бидний хүүхдүүд ер нь яачихсан юм болоо, ямар буруу юм хийчихсэнээ бодоод бодоод олохгүй байна, анх уулзаад муухай харьцаагүй, харин ч бүр царай алдсан аядуу зөөлөн байсан, миний хүүхдүүд хормой дээр нь шээж, энгэрт нь асаагүй. Би хэзээ ч амьдралдаа ийм зүйл үзэж, ямар ч утгагүйгээр ингэж дорд үзэгдэж доромжлуулж явсангүй, үүнд ер нь гайтай корона л буруутай, зөвхөн гайтай корона л буруутай.
Тусаагүй бол юу гэж ингэж явах вэ дээ. Гэхдээ л хатгаатай коронатай хүүхдүүдийг минь эмчилгээ дуусаагүй байхад харанхуй шөнө улаан бүсээс тэврүүлээд гаргасан Ундрах гэдэг тэр эмчид гомдоод байна, гол зураад байна. Голоос гогодоод гомдол минь хэзээ ч татрахгүй байж мэдэх байх аа. Цаашид хэчнээн нялхасыг эмчилгээ дуусаагүй байхад харанхуй шөнө хөөж гаргахыг таашгүй. Хүүхэд нялхасыг ээжтэй нь эрх мэдлээ далайлгаж харанхуй шөнөөр дахиад битгий хөөж явуулаарай, Ундрах ЭМЧ ЭЭ!!!
Duya Dulamsuren.