//ookroush.com/4/6417282
Нийгэм

Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал: Охиныгоо төрсний дараахан салхилуулж явахдаа бид хоёр байгаа бүх мөнгөө шавхаж, 650₮-ний пломир гэдэг зайрмаг аваад хуваан идэж байсан нь дурсамжтай сайхан санагддаг

Монголын загварын ертөнцийн томоохон төлөөллүүд бол загвар өмсөгч Э.Энхболд, загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нар билээ. Энэхүү хосууд маань олны танил үлгэр жишээ сайхан гэр бүл.

Тэд 10 жилийн өмнө гэр бүл болохдоо үнэтэй орд харш, үнэтэй машин тэрэг эдэлж эхлээгүй. Бусад залуу хосуудын адилаар хамтын амьдралаа эхлүүлэх мөчөөс л орох орон, өмсөж зүүхээ зэхэж, хамтдаа зүтгэж эхэлсэн байна. Өдгөө хайраас нь урган гарсан хөөрхөн үрсээ инээд цалгисан тав тухтай, эрүүл саруул орчинд өсч, хүссэн сургуульдаа сурч мэдэх боломжийг бий болгох гэж тэд хамтдаа оройтож, хамтдаа ядарч, хамтдаа шантарч, хамтдаа босч, хамтдаа хичээн зүтгэж өнөөдрийн жаргал дүүрэн амьдралаа бий болгосон хөдөлмөрч хосууд билээ.

Түүний гэргий цахим хуудаснаа “Амьдралд нээх их юм хэрэггүй дээ тэ. Зүгээр хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь чухал. Хүсэл 1 хамтдаа амттанд умбах Хүсэл биелүүлэгч залуутайгаа” хэмээн ханьтайгаа авхуулсан зургаа оруулжээ.

Д.Отгонжаргал хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд: Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг маш чухал ажил. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ нээлттэй, найз шиг нь байж л тэдэнд буруу, зөвийг ойлгуулж хэлдэг. Бид хүүхдүүдээ аль болох эд материалд дуртай бус, хувь хүн талаас хөгжүүлэхийг зорьдог. Хамгийн түрүүнд хүн шиг хүн, хүн чанартай хүн болгож өсгөхийг чухалчилдаг юм. Тийм болохоор хүүхдүүдээ хувь хүн талаас нь хөгжүүлэхийн тулд боловсролд нь илүү анхаарахыг хичээдэг.

Хамгийн гол нь эхнэр, нөхөр хоёр бие биенийгээ хүндлэх, хүүхдүүд эцэг, эх болон бие биенийгээ хүндэлж харьцахыг илүүд үздэг. Хүндлэх нь чухал утга агуулгыг илэрхийлж байдаг. Хүндлэл байгаа тохиолдолд хүн чанар байдаг.

Хосууд сайн ярилцаж, ойлголцож байхаас гадна буулт хийж сурах хэрэгтэй гэж боддог. Бидний хувьд бие биедээ илүү хайртай болохоор зөрчил гарах үед бие биенийгээ уучилдаг, бууж өгдөг. Бие биенийгээ хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг. Бид хоёр хэрэлддэггүй, чанга дуугарч ч сураагүй. Мөн хоёулаа амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх нь чухал. Бид анхны хүүхдээ төрөх үеэс л хамтдаа хөдөлмөрлөх ёстой гэдгээ ойлгосон учраас хамтдаа хичээж эхэлсэн. Охиныгоо төрсний дараахан салхилуулж явахдаа бид хоёр байгаа бүх мөнгөө шавхаж, пломир гэдэг зайрмаг аваад хуваан идэж байсан нь дурсамжтай сайхан санагддаг.

Тухайн үед 650 төгрөгийн үнэтэй байсан санагдаж байна. Тухайн үед хангалттай мөнгөгүй байсан ч аз жаргалтай, их нандин үе байсан санагддаг. Бидэнд үргэлж хангалуун цаг үе байгаагүй ч бид нэг зорилготойгоор хөдөлмөрлөж эхэлсэн. Үүнийхээ үр дүнд одоо хоосон хонохгүй хоёр идэхгүй сайхан л амьдарч байна.

Э.Энхболд: Сайхан гэр бүл байхын хамгийн гол утга учир нь хайр л гэж боддог. Миний хувьд эхнэртээ үнэхээр дурлаж, хайрлаж, хүсэж байж гэр бүл болсон. Надад үнэ цэнэтэй ирсэн хайр маань үргэлжлээд явж байна. Манай хүн ч намайг маш олон жил хүлээсэн. Хэн байснаа мартаж болдоггүй гэдэг шиг үхэх гэж байж авч суучхаад хэсэг хугацаа өнгөрөхөөр бааварлаад байж болохгүй.

Д.Отгонжаргал: Амьдрал өөрөө маш баялаг. Дуртай ажил, дуртай зүйлээ хийхийг зориод явж байна гэдэг сайхан хэрэг. Зорилготой, мөрөөдөлтэй байна гэдэг өөрөө аз жаргал юм. Хоёр хүүхэдтэйгээ эрүүл саруул амьдарч байна. Аз жаргал бол илүү дутуу зүйл хүсэхээс илүү энгийн зүйлээс эхэлнэ. Эрүүл саруул байж дуртай зүйлээ хийнэ гэдэг аз жаргал юм.

-Э.Энхболд: Гэр бүлийн хувьд элэг бүтэн, энх тунх, инээд хөөртэй байх нь хамгийн том жаргал. Хүн болгон өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй байдаг. Гэхдээ түүндээ хүрэхийн тулд маш олон даваа, шат шалгуурыг давж байж, зорьсон зорилгынхоо ард амжилттай гарах нь хамгийн чухал. Шат шалгуур тулгарах үед зовлонтой санагдах нь бий. Түүнийг л даваад гарахад жаргалтай мэдрэмжийг авдаг. Ямар азаар шантраагүй юм бэ гэж боддог. Тэгэхээр зорилгынхоо төлөө тэвчээртэй хөдөлмөрлөж, түүндээ хүрч аз жаргалыг мэдрээрэй.

Хосууд нэг нэгэндээ хамгийн их баярлаж байсан зүйлээ хуваалцжээ:

Д.Отгонжаргал: Хүүхдээ төрүүлчхээд яг юу хийхээ их боддог байсан. Тухайн үед загварын салбарт өөрийн гэсэн захиалагчтай болсон ч гэртээ байгаа учраас янз бүрийн юм сонирхоно. Би өөрөө хоёр төрлийн зүйлд маш их сонирхолтой. Зурах дуртай нөгөө нь хоол хийх дуртай. Нэг өдөр хүнсний захын хажуугаар явж байсан чинь маш гоё нарийн боовны үнэр үнэртэж байсан нь миний сонирхлыг маш их татсан. Бүр бизнес хийе гэж бодоход хүргэсэн. Тэгээд загварын салбараар явах уу, нарийн боовны салбарт ажиллах уу гэж бодож байсан. Нэг орой манай хүн ажлаасаа ирэхээр нь мантуутай хоол хийсэн байж таарсан.

Тухайн үед миний хийсэн мантуу дандаа чилдийчихдэг байсан юм. Нөхрийгөө хоол идэх зуур нь түүнд “нарийн боовны цех ажлуулая” гэсэн чинь “миний хайр эхлээд гоё мантуу хийгээд сурчих” гэсэн. Тэгээд л миний бизнес биш юм байна гээд орхисон. Ингээд л загварын ажлаа эхлүүлсэн. Эхлээд салоноо байгуулья гэхэд манай нөхөр намайг маш их хурцалж өгсөн. Бүх тал дээр дэмжсэн. Анх салоноо байгуулж байхад манай хүн засвараа хийж, би хажуугаар нь эмульс хийж, обой наагаад салоноо нээхэд бэлдэж байсан. Миний хийх гэж байгаа ажлыг дэмжиж байгаа нь надад маш их урам зориг өгч байсан. Үүнд маш их баярладаг.

-Та хоёрын зүгээс залуу хосууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Э.Энхболд: Залуучуудад хандаж хэлье. Чи үнэхээр хайртай юу өөрөөсөө асуу. Хайр гэдэг чинь өөрөө маш олон зүйлийг золиосолдог. Чи өөрөөсөө тэр бүх зүйлээ золиосолж чадах уу. Үнэхээр эр хүн бол шийдвэрээ гарга. Гаргасан шийдвэртээ үнэнч бай. Сүүлийн үед залуус сүр дуулиантай хурим хийгээд жил, сар болохгүй салдаг дүр зураг бий болж байна. Эцсийн үр дүнд хүүхэд хохирдог. Тийм учраас эр хүн та өөрөөсөө асуу. Эцсийн дүнд эр хүн шиг бай.

 

-Д.Отгонжаргал: Гэр бүл гэдэг чин маш том хүндлэл. Хүндлэл байгаа цагт бие биенийгээ ойлгодог. Тийм учраас бие биенийгээ хүндэлж, өөрийн тань буруу байсан ч уучлаад нэг нэгэндээ найр тавьж өгч сурсан цагт амьдрал үргэлжилнэ. Гэр бүлийн хүмүүст хэрүүл хийх үе гарна. Хэрүүлээс хол байсан нь дээр. Нэгэндээ хэлмээр байгаа үгээ тайвширсан үедээ хэлээрэй. Хэрүүл хийж байгаа хүмүүсийг ажиглаж байхад бие биенийгээ давах гэж хамаг муу муухай үгийг бие биедээ хэлдэг. Тэр нь маш том гомдол болж, сэтгэлийн шарх үүсгэдэг. Тийм болохоор хосууд нэг нэгэндээ хэлэх үгээ маш цэгнэх. Уурыг давж сурчих нь чухал. Аливаа асуудлыг эерэгээр хараад сурчихвал хэрүүл гардаггүй. Уучлахад ч амар байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!