Мэдээ Мэдээлэл

“Ёолк ах маань гэгээ татуулаад ороод ирлээ”

Найруулагч Б.Баяр өөрийн хуудсандаа ийнхүү өгүүлжээ.

“Ёолк ах минь гэгээ татуулаад ороод ирлээ. Олон ч бүтээл дээр хамтран ажиллаж дээ.” гэжээ.

МҮОНТ-ийн сэтгүүлч СГЗ Ш.Ёолктой “Нүүдэлчдийн жимээр” аялалын талаар цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.

Та сая жип аялалд оролцоод ирлээ. Ямар шугамаар аялаад ирэв?

Бид нар “Ойрад түмэн” ТББ, Увс аймгийн МВС телевизийн санаачилгаар “Онцын тасархай” ХХК-ны ерөнхий захирал Жалавын Батсүхийн ивээн тэтгэлгээр “Нүүдэлчдийн жимээр” гэдэг жип тур аялалаар есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 13-ныг дуустал бүтэн 28 хоног аялаад ирлээ. Нийт 15000 км замыг жип машинаар туулж Монгол, ОХУ, Халимаг улсын нутаг дэвсгэрээр явлаа.

Аялалын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс явсан бэ?

Улаанбаатар хотоос эзэн богд Чингис хааны талбайгаас ССАЖЯ – ны сайд Ж.Оюунгэрэлээр үдүүлсэн аялалд ОХУ, БНХАУ-ын Шинжиан уйгарын өөртөө засах орон, Монгол улс гэсэн гурван улсын 14 эрдэмтэн судлаач телевизийн уран бүтээлчид явсан. Энэ бол олон улсын экспедици юм.

ОХУ-аас 2008 онд Улаанбаатар – Элстэй хотруу морь тэмээгээр аялж байсан туршлагатай аялагч, Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн газарзүйч Юрий Владиморивич Сангаджиев, Халимаг улсаас археологч Эрдэнэ Кекеев, сурвалжлагч Гариг, Шиньжаан Уйгараас Баянгол телевизийн зураглаач, найруулагч Сэржим, угсаатан зүй судлаач, багш Мигай, Монголоос ардын уртын дуу судлаач, шүлэгч н.Оюунхүү, Ойрд театрын найруулагч Лхагваа, Увсын МBС телевизийн найруулагч Мягмарсүрэн аялалын ахлагчаар “Онцын тасархай” ХХК –ны ерөнхий захирал Ж.Батсүх гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа.

Аялалын маршрут яаж үргэлжилсэн бэ?

Баян-Өлгийн Цагаан нуурын Улаан байшинтын боомтоор Оросын хил гараад ОХУ-ын Горно- Алтай, Бийск, Барнаул, Новосибирск, Омск, Челъябинск, Курган, Башкирстаны нийслэл Уфа, Самара, Саратов, Волгоград гээд 8 том хот дайрсан. Буцаад зүүн хойшоо даялж Красноярск, Кемерова Иркутск, Улан-Үдэ гээд буцаж ирсэн.

Одоо харьцангуй зам харгуй хөгжсөн цаг үе. Аялалын зам хэр бартаатай байв?

400 жилийн тэртээ халимаг торгуудынхаа нүүж ч явсан яг тэр замаар явсан. Гэхдээ одоо сайн чанарын замаар хамгийн сайн жип машинаар явахад 400 жилийн тэртээ нохойгоо дагуулаад морио унаад тэмээндээ ачаагаа ачаад, дайн тулаан дунд нүүж явсан манай халимаг, торгууд нарын нүүсэн тэр нүүдлийн энг бид яагаад ч гүйцэхгүй их ядарсан.

Тэгэхээр эртний хүмүүс маань ямар их тэвчээртэй, бие сайтай, гангаар хийсэн юм шиг биетэй улсууд байж вэ.

МҮОНРТ-ийн сэтгүүлч, редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолкыг энэ удаагийн Масс зочноор урин ярилцлаа.

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Яриагаа таны анх хэдэн оноос сэтгүүлзүйн салбарт орж ажилласан талаар чинь эхэлье гэж бодож байна?

-Тэгье. Би анх 1981 оноос Монголын радиод ажилласан. МУИС-ийг Монгол хэл, Утга зохиолын ангийг төгссөн юм. Гэхдээ дипломын ажлаа Хэл шинжлэл, авиа зүйгээр хамгаалсан. Тухайн үеийн шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд хувиарлагдсан ч тэр жил орон тоогүй байсан.

Тэгээд л радиод шалгалт өгч тэнцээд босгыг нь анх алхаж байлаа. Тухайн үед яг төв халхын аялагатай хүн радиогийн нэвтрүүлэгч хийнэ гэсэн шаардлагатай байдаг байлаа. Би уншилт, хоолойны өнгө гээд бүх шалгуурт нь тэнцсэн юм.

Харин ганцхан нутгийн аялгатай ярьдаг байсан. Учир нь би баруун аймгийн хүн л дээ. Их нарийн шалгаж авдаг байлаа. Соёл урлагийн албанд чи боломжийн уншиж, бичдэг юм байна гээд санал тавьсан. Тэгээд урлаг, соёлын албанд орсон доо.

-Сэтгүүлчээр ажиллаж эхлээд хамгийн анхны уран бүтээл тань юу байсан вэ?

-Би шууд л их том төрөлд орж ажилласан. Тухайн үед Сүхбаатарын нэрэмжит комбинатын үсэг өрөгч нэгэн бүсгүйн тухай радио найруулал хийж байсан. Дараа нь Радиогийн “Манай үеийн тэргүүний хүн буюу урлаг соёлын зүтгэлтэн” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Мөн одоогийн ардын жүжигчин, төрийн шагналт зууны манлай Хорлоогийн Уртнасангийн тухай хөрөг.

Ардын жүжигчин Лойлын Жамсранжав гуайн хөрөг. Цагааны Цэгмид гуайн дурсамж гэх мэт дандаа урлаг соёлын томоохон зүтгэлтэн томчуудын тухай хөрөг найруулалын төрлөөр нэвтрүүлэг хийсэн.

Радиогийн босгыг алхсан нов ногоохон сэтгүүлчийн хувьд хөрөг найруулал хийнэ гэдэг тийм амар биш. Хэдэн жил ажилласан туршлагатай сэтгүүлчид ч хийхэд төвөгтэй төрөл юм. Ямар ч байсан анхнаасаа өндөр босгын алхсан болохоор тэрнээсээ доошоо унахгүй гэсэн зорилго өөртөө тавьдаг юм билээ. Мэдээгээр эхлээд мэдээтэйгээ зууралдаад байсан бол өөр хэрэг.

Гэхдээ энэ хэлж байгаа минь мэдээг муу төрөл гэсэн санаагаар хэлээгүй. Мөн миний багш Буянбадрахын Шаравнямбуу гэж радиогийн соёл урлагийн редакцын туршлагатай сэтгүүлч, орчуулагч зохиолч хүн байсан. Монголын Радиод тухайн үед Монголын урлаг соёлын томоохон төлөөлөл Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ч.Чимэд гээд л дандаа аваргууд ажилладаг байлаа шүү дээ.

Радиогийн босгыг алхсан нов ногоохон сэтгүүлчийн хувьд хөрөг найруулал хийнэ гэдэг тийм амар биш.

Тэд нарын яриа хөөрөг сонсож, их зүйлийг сурч тэд нарийн дэргэд хүн болсон минь өдий зэрэгт хүрэхэд нөлөөлсөн дөө.

-Телевизэд хэдэн онд орсон юм бэ?

-Радиод яг арван жил ажилаад 1991 онд телевизэд орсон. Завсар нь хоёр жил цэргийн алба хаасан юм. Радиодоо тасралтгүй найман жил ажилласан.

Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэж тэр үеийн Радио, МОНЦАМЭ агентлаг, Телевиз, Улсын гэрэл зургийн газар, Техникийн холбоо, Новостий Монголий сонин гээд таван том алба нэгтгэсэн Монголыг хэвлэл мэдээллийн томоохон цогц байлаа шүү дээ. Тэрний салбар болох Монголын радио, Телевиз хоёрт ажилласан. Одоогийн МҮОНРТ буюу дээр үеийн Радио телевизийн улсын хороо гэдэг газрын хүн.

Телевизийн редакциуд 1990 оны Ардчилалын босготой л холбоотой шинэчлэлд орж нэгдлүүд болсон. Гал, Цацал, Марал, нэг нь юу билээ дээ. Тэр Гал нэгдлийн ахлагч нь телевизийн гайхалтай том найруулагч Сандагдоржын Бадрах гэж хүн байсан. Тэр хүн телевизийн залуучуудын редакцын ерөнхий найруулагч байсан.

Харин талийгаач А.Авирмэд бид хоёр радиогийн залуучуудын редакцид байсан. Бид нар хоорондоо их холбоотой ажилладаг. Заримдаа нэвтрүүлгүүдээ солилцож хийдэг байсан. Тэндээс л телевизэд ажиллах ёстой хүн гэж үзсэн юм шиг байгаа юм.

Би өөрөө тууж, өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг учраас хэтдээ кино зохиол бичих бодол байсан. Үүний томоохон сургууль нь дүрстэй харилцах байж бичнэ гэж үзсэн хэрэг шүү дээ тухайн үедээ. Тийм болохоор телевизэд ажиллах хүсэлдээ хөтлөгдөөд А.Авирмэд бид хоёр хамт ажиллаж эхэлж байсан.

-Таныг “Агшин” нэвтрүүлгээр чинь Монголын бүх хүн мэддэг шүү дээ. Энэ нэвтрүүлгийн анх хэрхэн эхэлж байв?

-Манай телевизийн туршлагатай найруулагч Л.Пүрэвдорж одоо гавьяаныхаа амралтанд гарсан. Мөн сэтгүүлч редактор, Радио телевизийн дээд сургуульд багшилж байгаа дэд доктор Ц.Пунсаа хоёр анх энэ нэвтрүүлгийг хоорондоо ярилцаад хийхээр болж байсан. “Агшин” нэвтрүүлэг Амеркаас гаралтай Орос болон Энэтхэгт хийж байсан. Оросууд л тэр үеийн бидний ойрын суралцдаг улс байсан. Тийм учраас анх манайх хийж болох юм байна гэсэн санаа төрсөн. Тэр нэвтрүүлгийг хөтөлж байсан Лионид Акубавичид захидал бичээд албан ёсоор энэ нэвтрүүлгийг хийх зөвшөөрөл авсан юм.

Албан ёсны зөвшөөрлийн дагуу эхлүүлэхээр болоод хөтлөгч сонгон шалгаруулж проб хийснээр, би тэнцэж хөтлөхөөр болж билээ.

-“Агшин” нэвтрүүлэг анх хэдэн онд анхны дугаараа цацаж байсан юм бэ?

-Энэ нэвтрүүлэг телевизээр тасралтгүй 16 жил яваад 2010 онд албан ёсоор би зодгоо тайлж, микрафон хүрд хоёроо хүлээлгэн өгч байлаа.

1992 онд эхэлсэн юм. Тэр нэвтрүүлгийг агуу их Ё.Батбаяр хөтөлж болох байлаа. Мөн Ш.Гүрбазар хөтөлсөн. Одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөтөлж байсан шүү дээ. Бид хоёр “Та сувгаа битгий солиорой” гэх жишээтэй хамтран хөтөлдөг байлаа.

Би яагаад шалгарч хөтөлсөн гэхээр нэвтрүүлэг өөрөө реалити шоу энтертайнмэнт чиглэлийнх байсан. Үзэгчдийг татах инээдэм наргиа хошин байх ёстой. Оросын хөтлөгч нь бас нэвтрүүлэгтэй хөгжилтэй хошин аяс оруулж хөтөлдөг хүн. Надад байгалиас заяасан хошин “Чупестик Юмер” сэтгэлгээ гэдэг юм. Тийм сэтгэлгээ байсан нь нэвтрүүлэг хөтлөх боломжийг надад олгосон.

Би тэрнээс өмнө Радиогийн их олон нэвтрүүлэг болон улсын баяр наадмын хурдан морины уралдаан хөтөлж байсан. Ерөнхийдөө нүүр хагарсан хөтлөгч хүнд байх чанарууд байсан юм. Тэгээд л энэ олон жил хөтөлсөн дөө.

-Олон жил эрч хүчээ алдалгүй үзэгчдийн хүсэн хүлээсэн нэвтрүүлэг байсан нууц нь юунд байдаг гэж боддог вэ?

-Телевизээр хамгийн олон жил тасралтгүй цацагдсан нэвтрүүлэг одоо ч хүмүүс хүсэн хүлээдэг нэвтрүүлэг шүү дээ. Энэ их олон жил тасралтгүй явсаны нууц нь маш олон орон хийж олны таашаалд нийцсэн нэвтрүүлэг. Түүнээс гадна манай уран бүтээлчид маш чанартай хийж байсан.

Найруулагч, редактор болон нэвтрүүлгийн нийт уран бүтээлчид бид нэвтрүүлэг хийхийн өмнө ямар шинэ зүйл оруулж ирэх вэ, яаж үзэгчдэд хүргэх үү, хэрхэн нэвтрүүлгээ унагахгүй байх вэ гэхчилэн ярилцаж нэг хүн шиг хамтарч ажиллаж байсных юм. Дандаа шинийг эрэлхийлж, тайз болон гэрэл нэвтрүүлгийн өнгө аясыг сайжруулахыг эрмэлзэж байсан. Энэ бүхэн нөлөөлсөн хэрэг.

Мөн дэлхийд жанр, байр сууриа олчихсон том нэвтрүүлгийг хийх гэж оролдсон л бол тухайн нэвтрүүлгээ унагахгүй байх ёстой гэж үзсэн. Зүгээр нэг халтуурдаад өнгөрөх биш. Хэдэн төгрөг олохын төлөө биш энэ уран бүтээлийг амьд явуулахын төлөө бид ажилласан.

Аав, ээжийгээ хүн өвчин зовлонгүй, сэтгэлийг нь гундаахгүй гэж яаж зүтгэдэг, амьдралаа авч явахын тулд өрхийн тэргүүн, эзэгтэй хоёулаа хэрхэн хичээж мэрийж зүтгэж явдаг билээ. Бид тэгэж л зүтгэж, нэг сэтгэлээр хандаж байсных юм.

-Сүүлийн үед жүжигчид хөтлөгч хийж, сэтгүүлч, нэвтрүүлэгч, редакторын мэргэжлүүд хоорондоо их холилдож байна. Яг мэргэжлийн сэтгүүлч хүн ямар байх ёстой юм бол. Нарийн ялгаа нь юунд байна вэ?

-Мэргэжлийн нарийн ялгаа заавал байх ёстой. Тэрнээс биш тээврийн жолооч хүнийг нэвтрүүлэгт оруулаад хоол хийснийх нь төлөө энэ хоолны мастер юм гэж зарлаж болохгүй шүү дээ. Тэрэнтэй адил.

Миний бодлоор редактор сэтгүүлч хоёрыг хүмүүс хооронд нь ялгахгүй байгаа юм. Редактор хүн бол өөрөө бичдэг, нэвтрүүлгийн хувь заяаг хариуцдаг, бусдын бичиж ирсэн материалыг хянан тохиолдуулж янзалж ажиллаж төгс төгөлдөр болгож чаддаг тийм хүнийг хэлнэ. Харин сэтгүүлч гэдэг бол өөрөө мэргэжил. Нэг нь мэргэжил нэг нь албан тушаал гэж ойлгох хэрэгтэй. Сэтгүүлч мэргэжилтэй редактор хүн гэх жишээтэй.

Редактор хүн бол өөрөө бичдэг, нэвтрүүлгийн хувь заяаг хариуцдаг, бусдын бичиж ирсэн материалыг хянан тохиолдуулж янзалж ажиллаж төгс төгөлдөр болгож чаддаг тийм хүнийг хэлнэ.

Тэрнээс биш өнөөдөр сургууль төгсөж орж ирээд өөрөө бие даан уран бүтээл хийж чадаагүй байж, микрафон бариад нэг хүнээс ярилцлага авсныхаа төлөө сэтгүүлч тэр гэх нь зохисгүй юм. Энэ мэргэжил өөрөө их өндөр шаардлагатай асар их хариуцлагатай. Би өөрөө өнөөдрийг хүртэл сэтгүүлч гэхээсээ ичдэг.

Би яг сэтгүүлч гэх диплом байхгүй утга зохиолч мэргэжилтэй хүн. Энэ тогоонд нь ажиллаж яваа л хүн. Зүгээр Ш.Ёолк гэвэл болмоор санагдаад байдаг юм. Тэгэхээр өөрийгөө хэтэрхий хөөргөсөн болох юм болов уу мэдэхгүй. Мэргэжлийн нэр томъёоны зөв гаргалгаанууд л энд байх ёстой гэж боддог.

-Олон жил сэтгүүлчээр ажилласан хүний хувьд сэтгүүлч мэргэжлийн сайхан нь яг юунд байна вэ?

–Хүнд нэг зорилго байдаг. Зорилгогүй амьдрал бол сэлүүргүй завьтай адил. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн хийчих юмсан, энэ сэдвийг оролдох юмсан гэж бодоод тэрнийхээ төлөө нойр хоолоо хагаслан зүтгээд түүнийгээ хийгээд зорьсон юмныхаа ард нь гарчихаад л сууж байх их сайхан даа.

Бид нар чинь нэвтүүлгээ эфирт хүлээлгэн өгч гаргаад уран бүтээлчдээсээ “За болсон байна” гэсэн үнэлгээ аван автлаа түгшиж суудаг юм.

Тэгэхээр уулсын цаана уулс, давааны цаана даваа гэгчээр мөрөөдөлд хязгаар байхгүй. Өнөөдрийн хийх юмсан гэсэн бодолтой уран бүтээлээ хийж дуусгаад дараа нь бас нэг бодол орж ирж, түүнийгээ хийх гэж зүтгээд л явах сайхан. Ингээд л амьдрал гэдэг чинь урсаад давалгаалаад даваа болгон өндөр болж, тэр давааг давах гэж зүтгэснийхээ төлөө тодорхой нэг өндөрлөгт хүрэх нь аз жаргал юм даа.

Тэрнээс өмнө сайхан гэхээсээ илүү би сэтгүүлч мэргэжлийг чөмөг дундалдаг хүнд хэцүү ажил гэж боддог. Хүн харахад нэг л жаргалтай амьтан хүнтэй уулзаад л, одоогийн залуучуудын хэлдгээр зурагтаар гараад олны танил болсон. Тэрний цаана ямар их хөдөлмөр, хүч, сэтгэлийн хат, зориг, магадгүй зарим үед шантрах ч үе бишгүй тулгардаг. Заримдаа гунигтай ч үе олон тохиолдохыг алийг тэр гэхэв.

Тийм учраас сэтгүүлчийн хөдөлмөрийг би далайн мандалд хөвж яваа аварга мөсөн уултай зүйрлэдэг. Далайд хөвж яваа мөсөн уулын зөвхөн гуравны нэг нь ил харагддаг гэдэг юм. Харин үлдсэн хоёр хувь нь далайн усан дотроо байдаг.

Тэгэхээр усны гүнд байгаа хоёр хувийг чи өөрийнхөө зүтгэл, зоригоороо хийж бүтээсэн байхад далайн мандал дээр байгаа нэг хувь нь бас л чиний хөдөлмөр боловч, энэ чамайг алдаршуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгүүлчийн хөдөлмөрийг би далайн мандалд хөвж яваа аварга мөсөн уултай зүйрлэдэг.

Одоогийн зарим залуучууддаа хандаж хэлэхэд телевиз од болох, олны танил болох хэрэгсэл гэж бодож байгаа бол хэцүү. Яахав нэг талаараа хэдий тийм байж болох. Гэхдээ од болоход цаана нь асар их хүч хөдөлмөр байх хэрэгтэй шүү. Зүгээр нэг нэр хүнд олох тавцан биш юм. Зарим хүүхдүүд тэгж ойлгоод байна. Нэгэнтээ оросын судлаач эрдэмтэн Станивлавский гэдэг хүн хэлсэн байдаг.

“Урлагт байгаа өөрийгөө биш өөртөө байгаа урлагийг нээ” гэсэн байдаг. Од болохсон гэсэн хий мөрөөдөлтэй хүмүүст бол том цохилт болсон үг. Ганцхан уран бүтээлээрээ үзэгчдэд юу хэлэх гээд байгаа талаас нь ажилласан цагт үзэгчид тэртээ тэргүй тооно хүлээж авна.

Тэрнээс өмнө од болохсон гэсэн мөрөөдөлдөө хэтэрхий хөтлөгдөөд, телевиз намайг од болгоно гэсэн гэнэхэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд явах юм бол урлаг өөрөө их харгис шүү дээ. Далай хогоо заавал зах руугаа гаргаад хаядагтай адилхан. Хэрвээ үзэгчид чамайг хүлээж авахгүй л бол хүлээж авах хүртэл зүтгэхгүй л юм бол хүссэн хүсээгүй зах руугаа гаргаад л хаяна.

“Урлагт байгаа өөрийгөө биш өөртөө байгаа урлагийг нээ”

-Өөрийнхөө хийсэн уран бүтээлээрээ нэгтгээд ном гаргана гэж байсан шүү дээ. Энэ ажил юу болсон бэ?

-Надад өөрийн гаргасан өгүүллэг туужийн хоёр, элэглэлийн нэг, шүлэгийн хоёр ном байна. Бүтээлээ бүгдийг нэтгээд том боть болгох уу жанр тус бүрээр төрөлжүүлэн гаргах уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа.

Телевизийн ажил ихтэй учраас ширээний ард тэр болгон тогтож сууж чадахгүй л байна. Ном гаргахад чинь тав гурван зоос хэрэгтэй шүү дээ. Тэрнээс эхлээд жаахан асуудлууд байна, гэхдээ болох байх. Шийдээд гаргавал уншууртай ном гаргана даа.

-Залуу сэтгүүлч нарт зориулсан ном гаргах бодол байдаг уу?

–Эссэ, дурсамж тэмдэглэлийн номуудад л тэр тухай өгүүлнэ гэж бодож байна. Заримдаа бас жаахан айдаг. Сэтгүүлч мэргэжил бол их хүнд хэцүү мэргэжил шүү. Залуучуудад “Хэрвээ чамд байгаль жаахан авьяас өгсөн бол түүнийгээ ч өөрөө мэдэрсэн хүн сэтгүүлч болсон дээр” гэж хэлдэг. Харин тэгж чадаагүй сэтгүүлч болох юм бол өөрийгөө болон өрөөлийг ч зовооно гэж үргэлж л хэлдэг юм. Тийм учраас би хоёр хүүгээ хүнд хэцүү зүйлд зүтгүүлээд яахав гэж боддог. Нэг нь дизайнер нөгөө нь биологич мэргэжилтэй.

Би сэтгүүлч мэргэжлийн талаар бичих л юм бол дандаа хүнд хэцүүг нь бичнэ. Яагаад гэхээр өөрөө мэддэг учраас. Заримыг нь шантрах боловуу гэж айж байна. Харин зарим нь бол “Аа яадаг юм зориглоод үзнээ” гээд ирэх болов уу гэж бодож байна. Магадгүй хоёр дахь сонголтыг сонгоод ирсэн хүмүүст олон байна даа гэж би урьдчилан мэдэх юм бол би дуртай юм бичмээр байна.

-Та бол яахын аргагүй Монголын бахархал, олон залуу сэтгүүлчийн үлгэр дуриалал болсон хүн. Ямар ч уран бүтээл хийсэн мундаг болдог. Ингэхэд таньд сэтгүүлзүйн төрлөөс бичиж, хийж чадахгүй төрөл байдаг уу?

–Байдаг. Би энэ сэтгүүлзүйн салбарын аль ч төрөлд очиж юм хийсэн ч алцахгүй байх. Ганцхан хийж бичиж чадахгүй төрөл бол хүүхэд. Би хүүхэдтэй ярилцлага ч хийж чаддаггүй юм. Хүүхдийн өмнөөс хүүхдийн сэтгэлгээгээр сэтгэж бичиж нэг л болдоггүй юм.

Асар нарийн ертөнц байгаа юм. Би энэ телевизийн болон Радиогийн хүүхдийн албаны уран бүтээлчдийг гайхалтай их мэдрэмжтэй мундаг улс юм гэж боддог. Миний шалгалтанд унах ганцхан төрөл бол хүүхдийн нэвтрүүлэг. Би яагаад ч хүүхдийн нэвтрүүлэг хийж чадахгүй. Олон жилийн хугацаанд шоу, ток шоу, соёл урлаг гэх мэт чиглэлээр туурвиж хийж бүтээж ирлээ.

Миний гол үндсэн сэдэв бол нүүдлийн соёл иргэншил, түүх уламжлал, монгол ахуй юм. Энэ үндсэн сэдвээрээ нилээн уран бүтээл хийлээ.

Тэгсэн хэрнээ хүүхдийн ертөнц рүү л орж чадахгүй байна даа. Зарим хүмүүс хүүхдийг талаар бичихдээ яг хүүхэд шиг сэтгэж бичих хэрэгтэй гэж хэлдэг. Тэгж бичихээр их гэнэн бас хуумгай, худлаа юм шиг санагдаад байдаг. Ш.Гүрбазар надад нэг удаа хэлэхдээ “Чи хүүхэдтэй яг том хүн шиг ярилцаад бичих хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ энэ жижигхэн ариухан тархи оюунд би ертөнцийн бүх хүнд хүчир юмыг чихээд яах ч билээ гэж боддог юм. Ойлгохгүй байх гэж бодохгүй байна. Харин магадгүй тэдний тархи оюуныг булингартуулах байх гэж айдаг. Нэг ийм л зөрчил байна.

-Та сэтгүүлч хүний хувьд Монголын нийгэм сэтгүүлзүйн салбарт хэрэгтэй дутагдалтай төрлийн барьж хийж байна гэж ойлгож болох уу?

-Миний хувьд бол яг тийм. Сэтгүүлч нар өөр өөрийн чаддаг, сонирхдог чиглэлээр бичдэг шүү дээ. Сураагүй тоглоомоороо оролдож болохгүй гэж айхтар үг бий. Тэрэн шиг миний хувьд бол түүх уламжлалын чиглэл бол мөнхийн сэдэв юм. Мөн маш чухал сэдэв.

Яагаад гэвэл хүн төрөлхтөн хөгжлийн мэдээллийн эрэн зууны өндөрлөгт хүрчихлээ. Эргээд магадгүй энэ их хөгжил мэдээллийн шуурхай байдал гэдэг чинь эртний тайван амьдрал, хүн хүндээ хандах сэтгэлгээ дулаан бүлээн харилцааг алга болгоод байна. Өрсөлдөөн авах идэхийн их шунал, байгаль дэлхий рүүгээ уулгалан дайрч байгаа байдал энэ бүхнийг хар л даа. Энэ бүхэн магадгүй хөгжлийн сайхан дээд цэг рүү биш, мөхөл рүү дагуулаад байгаа юм биш биз дээ.

Энэ бүхнээс аварч үлдэх зүйл юу вэ? гэхээр жирийн тайван монгол амьдрал, бие биендээ өгөхийн сайхан сэтгэл энэ бүхэн байгаасай. Энэ бүхэн биднээс их холдсон. Гэхдээ хүн төрөлхтөн их ухаантай амьтад учраас сүйрэл рүү явж байна гэдгээ мэдрээд эргээд унаган байгаль, хүн төрөлхтөний анхдагч тэр зүйл рүүгээ зүтгэж эхэлсэн.

Ц.Хулангийн бичсэн шиг “ Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг шиг. Энэ их том философи шүү. Нүүдлийн соёл иргэншлийн дэлхий дээр цор ганц авч үлдсэн үндэстэн монголчууд л байна.

Энэхүү нүүдлийн соёл иргэншил бол их энгийн нинжин, уянгалаг, хамуухан ийм л хүн төрөлхтөний иргэншлийн андагч хэлбэр шүү дээ. Харин би үүний төлөө юм хийх ёстой гэсэн бодолтой явдаг. Энэ гурван сая хүнээ монгол ахуй руугаа аваад орохсон гэж боддог. Тэгэхээр сэтгүүлч болгон өөр өөрсдийн мэргэшсэн, ойлгож, мэдэрч ийм л учраас миний сэдэв сайхан даа гэж боддог байх. Тэр нь миний хувьд бол ийм л чиглэл юм.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндрөөс өдөр амжилт хүсье

-Баярлалаа. Танай хамт олонд ч бас амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!