Өнөөдөр :2021-05-10

Ц.Хатанбаатар: Хүний ээж гэнэт явдаггүй, өдөр өдрөөр биднээс холдож байдаг

Нэрт сэтгүүлч Цэнджавын Хатанбаатарын 1989 онд хэвлэгдсэн “Ээждээ захидал бичээрэй” хэмээх номоор нь хүмүүс түүнийг сайн мэднэ. Гурилтай шөл хийлээ гэж ундууцан, хуушуур хийлгэж идээд гарсны маргааш тэр эрхлэх ээжгүй болсон. МАРГААШ хүнд юу ч амладаггүйг тэр сэтгэл зүрхээрээ ингэж мэдэрчээ. Тэрбээр гэмшихгүй байхын аргагүй гэмшлийг үлдсэн амьдралдаа тээж явдаг мянган мянган хүмүүсийн төлөөлөл. Ц.Хатанбаатар сэтгүүлчийг аав ээж хоёр нь айлын ганц хүү гээд амандаа хийвэл хайлчих вий, алган дээрээ тавибал хөрчих вий гэж их энхрийлж өсгөсөн гэдэг.

Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Энэ бол гашуун түүх л дээ. Ярихад амаргүй, хэцүү. Ийм юм болсон… Би ер нь хуурсан, хайрсан хоолонд дуртай хүн. Шөлтэй хоолонд сонирхол бага. Ажил ихтэй, ээждээ дандаа очоод байж амждаггүй. Нэг өдөр би ээждээ санамсаргүй гүйгээд очихгүй юу. Тэгтэл манай ээж гурилтай хоол хийчихсэн байсан. Тэгэхээр нь ээждээ “Та намайг ирэхийг мэдсэн юм шиг ийм хоол хийчихсэн ингээд сууж байхдаа яахав дээ” гээд хэлчихсэн. Ээж минь надад “Чамайг ирэхийг хэн мэдэх юм. Ирэх гэж байгаа бол хэлэх нь яасан юм” гэсэн л дээ. Гаднаа хэдий тэгж хэлсэн ч ээж минь мах татаад…хэдэн хуушуур хайрч өгсөн /мэгшин уйлав/…. Маргааш нь ээж байгаагүй…

Тийм, маргааш нь очиход ээж байгаагүй. Амьдрал юм хэлсэн дээ. Би тэгэхэд ээжийнхээ гараас сүүлчийн удаа цайг нь уугаад, хоолыг нь идэж байна гэж бодоогүй. Маргааш гэдэг чамд юуг ч амлахгүй гэдэг тэр шүү дээ. Миний гэмших бол нэг хэрэг. Харин ээжтэйгээ байгаа, хайрлах, хайрлуулах тэр бүх боломж нь дэргэд бий хүн энийг санаж ухаардаггүй. Боломжийг алдсан хүн л санадаг юм. Тэгэхээр тэр хүмүүсийг л гэмшихгүй байлгах нь миний номын зорилго. Ээжийгээ би илүү анхаараад, илүү хайрлаад явсан бол миний ээж 70 нас хүрэх байж дээ гэж одоо боддог. Хүний ээж гэнэт явдаггүй. Амьдрал дээр тийм юм байхгүй. Өдөр бүр биднээс холдож байдаг. Холдож байгааг нь л бид анзаардаггүй” хэмээн дурсан ярьсан байдаг. Тиймээс залуучуудаа дараа нь харамсахгүйн тулд аав, ээжийгээ хайрлаж, анхаарч, халамжилж байгаарай.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!