//ookroush.com/4/6417282
Зөвлөгөө

Аав ээжийнхээ өвөрт унтдаг хүүхэд илүү өөртөө итгэлтэй, ухаалаг болж өсдөгийг тогтоожээ

Хүүхдийг бага балчир байхад нь хайр энэрлээр дутаалгүй, зөв өсгөж чадвал ирээдүйд тулгарсан асуудал, бэрхшээлд сөхрөлгүй туулах чадвартай, бие даасан хүн болж төлөвшдөг гэдэг. Тэгвэл эцэг эхтэйгээ хамтдаа унтах дуртай сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүд бусад үе тэнгийнхнээсээ илүү өөртөө итгэлтэй, ухаалаг болж өсдөг гэж судлаачид үздэг байна. Үүний цаад учир нь юу юм бол?

Бага насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ өвөртөлж унтсанаар хүүхдэд аюулгүй, хамгаалагдсан мэдрэмж төрүүлдэг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хийсэн судалгаагаар аав, ээжтэйгээ нэг оронд унтдаг болон тусдаа, өөр өрөөнд унтдаг хүүхдүүдийг хооронд нь харьцуулан үзэхэд ээж, аавынхаа дэргэд хамтдаа унтдаг хүүхдүүд тусдаа унтдаг хүүхдүүдээс илүү өөртөө итгэлтэй, бие даасан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ сайн байж таарсан аж.

Харин тусдаа унтдаг хүүхдүүдийн хувьд шинэ орчинд дасахдаа удаан, аливаа зүйлээс санаа зовомтгой, бүрэг гэх нийтлэг тал ажиглагдсан гэнэ.

Эрдэмтэд хэдэн жилийн турш АНУ-ын нэгээс гурав хүртэлх насны хүүхэдтэй, бага орлоготой 944 гэр бүлийн унтах хэвшлийг судалжээ. Үүний хажуугаар хүүхдүүдийн бичиг үсэг тайлагдалт, нийгмийн харилцааны ур чадвар зэрэг танин мэдэхүйн чадвар болон зан үйлийн хөгжлийг ч мөн давхар ажигласан байна. Үр дүнд нь тав хүртэлх настай хүүхэд ээж, аавтайгаа хамтдаа унтаж эхэлснээр оюун ухааны чадамж нь сайжирч байсныг тус судалгаанд тэмдэглэжээ.

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ “биеийг даалгах” нэрээр тусад нь унтуулах явдал ихсэж байгаа учраас энэ нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан мэдэхийн тулд эрдэмтэд энэхүү судалгааг явуулсан аж.

Иймээс орчин үеийн хүүхдийн эмч нар болон хүүхдийн сэтгэл судлаач нар эцэг эхчүүдийг хүүхдээ тусдаа оронд, бүр тусдаа өрөөнд унтуулахгүй байхыг зөвлөх болжээ. Үүний зэрэгцээ хүүхэдтэйгээ хамтдаа унтах нь эцэг эхчүүдэд ч гэсэн сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Бие биедээ хүрэлцэх нь хүмүүсийн хоорондын холбоог бэхжүүлдэг хүчирхэг даавар болох окситоциныг өдөөж өгдөг байна. Энэ нь хүний биеийн температурыг тогтворжуулан зүрхний цохилтыг тайвшруулж, зохицуулах үүрэгтэй. Тиймээс хэрэв нярай хүүхэд хөхөөр хооллож байгаад унтсан бол ээж нь хүүхдээ ганцааранг нь хэвтүүлж орхилгүйгээр цуг тэврээд унтах хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд бүрэн аюулгүй мэдрэмж төрж, тайван амарч чадахын хажуугаар ээж нь хангалттай унтаж, эх хүү хоёрын сэтгэлийн холбоо ч хүчтэй болдог.

Гэхдээ зарим нэг онцгой тохиолдлыг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, эцэг эх нь илүүдэл жинтэй бол нялх хүүхдийг заавал өвөртөлж унтахыг мэргэжилтнүүд зөвлөдөггүй. Мэдээж хэрэг ямар ч эцэг, эх хүүхдээ хүнд биеэрээ дарж унтана гэж байхгүй ч насанд хүрсэн хүний биен дор хуруу гар нь дарагдаж гэмтэх магадлал өндөр юм. Мөн эцэг эх нь зузаан, хүнд хөнжил хэрэглэдэг бол хүүхдийн амьсгал боогдох эрсдэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!