О. ЗОЛЗАЯА: Ээж надад “Охиноо ингэж төрүүлсэн ээжийгээ уучлаарай” гэхэд нь өрөвдөөд байдаг юм

Ихэр төрсөн Золзаяа, Золжаргал хэмээх охидын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй харин нөгөө нь эрүүл төрсөн өр өвтгөм тохиолдол нэгэн гэр бүлд тохиожээ. Охид хэдий биеийн харагдах байдлаасаа 3oвлон зvдгvvp туулж яваа ч тэдний сэтгэл зүрхэнд жинхэнэ хайр энэрэл дүүрэн аз жаргал ундарч байдаг нь нүднээ илхэн аж.
Золзаяа: Надад тусладаг бүх хүмүүстээ үнэхээр их баярладаг. Золоо надад байгаа нь их амар байдаг. Хоёр ихэр болоогүй байсан бол би ганцаараа ингэж явахгүй. Золжаргал надад их тусладаг. Хичээл хийхэд, бие засахад, хувцас сольход, хичээл бас зааж өгдөг. Ер нь бид хоёр бүх юмаа хамт хийдэг.
Золжаргал: Корона гараад хичээл ёстой явсангүй шүү.
Золзаяа: Харин тиймээ. Ангийнхаа найзуудыг санаж байна шүү. Манай анги 4,5 цаг хичээл хийдэг. Тэгээд би шээж чадахгүй тэвчдэг. аавыг хурдан ирээсэй л гэж боддог. Ээж аав хоёр миний төлөө бүх зүйлийг хийдэг. Тийм болохоор би том болохоороо ээж аав хоёрыгоо асрана гэж боддог. Хичээлээ сайн хийгээд мэргэжилээ биелүүлнэ. Их мөнгөтөй болж байгаад ээж аав хоёртоо өгнө гэж боддог.
Ангийнхан маань бүгдээрээ биеийн тамиртаа орчихдог болохоор би тэгж байгаасай гэж хүсдэггүй. Энэ хэвээрээ л байгаасай л гэж боддог. Нэгэнт ийм төрсөн юм чинь ямар зүгээр болох биш энэ хэвээрээ ч хичээлээ сайн хийгээд аав ээжийгээ асраад л байж байна. Ингээд төрчихсөн болохоор ээж аав хоёр маань болохгүй бүтэхгүй л гээд байдаг л юм харин би болноо л гэхээр болчихдог юм дөө. Би том болоод дуучин болно шдээ.
Золжаргал: Би эгчийгээ том болоод бүх хүсэл мөрөөдлөө биелүүлээсэй л гэж боддог. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлхийн тулд чаддаг бүх юманд нь туслана. Яагаад гэвэл миний ихэр бас эгч минь.
Золзаяа: Том болоод дуучин болж чадахгүй бол дэлгүүрт ажилна ээжтэйгээ хамт. Тэгээд мөнгө цуглуулна. Цуглуулсан мөнгөө аав ээждээ өгнө.
Золжаргал: Би том болоод эмч болохыг хүсдэг.
Золзаяа: дүү маань том болоод эмч болчихоод таныг эмчилнэ гэж хэлдэг. Тэгж хэлэхээр миний сэтгэл догдолчихдог юм. Би Золжаргалыг эмч болоосой гээд л мөрөөддөг л дөө. Тэгээд л бурханд залбирдаг. Би ер нь бурханд их залбирдаг. Долоон удаа залбирдаг байсан бол арван удаа залбирдаг болсон. Би бурханд залбираад л байвал миний хүссэн болгон биелэх байхаа гэж боддог.
Золжаргал: Би найзуудтайгаа тоглоод явахдаа эгчийгээ бас надтай хамт яваасай гэж хүсдэг. Бусад хүмүүс эгчийг минь муу муухайгаар хэлвэл би ямарч үед хамгаалах болно. Эгч минь дандаа надад хамгийн их хайртай шүү гэж хэлдэг.
Золзаяа: Ээж аав маань байна. Ихэр маань байна бас дүү нар минь байна. Тэгхээр надад хэцүү санагддаггүй.
Золжаргал: Би эгчийгээ хамгийн хөөрхөн байлгах дуртай.